Showing posts with label Ǻâºë㺺. Show all posts
Showing posts with label Ǻâºë㺺. Show all posts

Wednesday, May 30, 2012

Хүүхдээ саажилттай гэдгийг хэрхэн мэдэх вэ?


Саажилттай гэдгийг хэрхэн мэдэх вэ?

 
Хүүхэд анх хүндрэлтэй төрсөн тохиолдолд эмч нар хараад шууд тархины саажилт гэж оношлон эмчилгээ хийдэг билээ. Гэвч зарим тохиолдолд саажилт өвчин мэдэгдэхгүй хэлбэрт байсаны улмаас эсвэл эцэг эхчүүд эрүүл хүүхдийн хөгжлийн үе шатын талаар сайн мэдэхгүй бөгөөд эргэн тойронд нь харьцуулахаар эрүүл хүүхэд байгаагүй зэрэг олон шалтгааны улмаас эцэг эхчүүд оройтож энэ талаар мэддэг.
Ингээд таны хүүхэд ямар тохиолдолд саажилттай хэмээн оношлох вэ? Энэ талаар цуврал болгон оруулахаар шийдлээ. 

1. Ээж тэвэрхэд хүндрэлтэй байх.
Ээж хүүхдээ тэвэрхэд хүүхэд хүч өгөн хойшоо гэдийх, ээжийгээ барихгүй гараа унжуулна. 

Эрүүл хүүхдүүд ээжийнхээ энгэрт аль болох наалдан ээжийнхээ энгэрт гараа наадаг байхад саажилттай хүүхдүүд ихэнх нь эсэргээрээ байдаг байна.
2. Хөлөө байнга "Х" болгох. Памперс өмсгөхөд хөлөө "Х" болгоно. Заримдаа хөлөө чангална
3. Юм гараараа барьж чадахгүй. Ихэнх тохиолдолд барихыг ч оролдохгүй идэвхигүй байна.Эсвэл барихаараа буцаагаад алдана. Зарим үед барьхын тулд биеэ хэт чангална.
4. Зүгээр үед хэвтэж байхдаа байнга хойшоогоо гэдийнэ.

5. Толгойгоо даахгүй байх. Эсвэл нилээн хожуу толгойгоо даадаг болно

6. Өвдгөө тэнийлгэхгүйгээр байнгын нугалаатай байна. Нугалаатай чигээр нь 2 тийш хөлөө хөдөлгөнө.


7. Алхуулахыг оролдох үед ихэвчлэн өлмийдөө хамаг хүчээ өгч өсгийгөө газар тавихгүй.

гэсэн үндсэн шинж тэмдэгүүд байдаг байна. 
 Энэхүү мэдээллийг http://eruulenh.blogspot.com хуудаснаас оруулсан болно. Хэрэв саажилттай хүүхдийн талаар илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх хаягаар орж үзнэ үү. Мэдээлэл өгсөн Ундраадаа баярлалаа. 

Monday, April 30, 2012

Сурах эмгэгтэй хүүхдүүд (СБ)


Сурах эмгэг гэж юу вэ?

Сурах эмгэгтэй  (эсвэл бэрхшээлтэй) хүүхдүүд нь унших, бичих, сонсох, ярих, учир шалтгааныг нь олох, тоо бодох гэх мэт тодорхой ур чадварыг сурахдаа хүндрэлтэй тулгардаг. Эдгээр эмгэг нь тэдний оюун ухааны төвшин эсвэл хараа болон сонсголын бэрхшээлээс шалтгаалдаггүй.
Сурах эмгэгтэй хүүхдүүдийн тархи нь бусдаас өөр байдлаар ажилладаг. Тэд мэдээллийг өөрөөр боловсруулдаг, учир нь юмыг өөрөөр харж, сонсож, ойлгодог юм.
Сурах эмгэгийг эмчлэх “эмчилгээ” гэж байдаггүй. Энэ нь насан туршид үргэлжилдэг. Гэвч тохирсон дэмжлэгтэйгээр тэд сайн сурч, илүү сайхан амьдрах боломжтой.
Сурах эмгэгийн үндсэн 3 төрөл бий:
o   Унших бэрхшээл (дислексиа)
o   Тоо бодох бэрхшээл (дискалкулиа)
o   Бичгийн бэрхшээл (дисграфиа)

Гол шалтгаан нь юу вэ?
Сурах эмгэгтэй болоход нөлөөлдөг тодорхой шалтгаан олдоогүй боловч түүнтэй холбоотой 3н хүчин зүйл байдаг. Үүнд: 
§  Генийн нөлөө
Сурах эмгэг нь эцэг эхээс үр хүүхдэд удамших нь их байдаг
§  Тархины хөгжил
Төрөхийн өмнө болон төрсний дараа хүүхдийн тархины хөгжилд зарим нэг хүчин зүйлс /бага жинтэй төрөх, дутуу төрөлт, хүчилтөрөгчийн дутагдал болон толгойн гэмтэл/ нөлөөлснөөр  сурах эмгэгтэй болоход хүргэдэг.
§  Орчны нөлөө
Эрүүл бус агаар, устай орчин, хоол тэжээлийн дутагдал нь хүүхдийг сурах эмгэгтэй болоход нөлөөлдөг.

Хэр их тохиолддог вэ?
Нийт хүмүүсийн 2 - 10% нь сурах эмгэгтэй байдаг. Тэр дундаа унших бэрхшээл нь (дислексиа) хамгийн түгээмэл тохиолддог нь юм. Сурах эмгэг нь охидоос илүү хөвгүүдэд тохиолддог.

Ямар шинж тэмдэгтэй вэ?
Унших, тоо бодох, бичихдээ нас, сургууль, оюуны ерөнхий төвшнөөс нилээдгүй доогуур байх тохиолдолд сурах эмгэгтэй эсэхийг шалгуулах хэрэгтэй.
o   Унших бэрхшээлтэй хүүхэд нь:
-          Тухайн үсэг ямар дуу авиа гаргадаг эсэхийг санахгүй байх эсвэл үгийг арай өөрөөр сонсох.
-          Цагаан толгой сурах, хоршоо үгсийг хооронд нь, үсгүүдийг дуу авиагаар холбохдоо бэрхшээлтэй байх
-          Чангаар уншихдаа их алдаа хийх, дахин давтан унших, дунд олон саатах
-          Өөрийн уншиж байгаа зүйлээ ойлгохгүй байх
-          Оройтож хэлд орох, хязгаарлагдмал үгийн сантай байх
o   Тоо бодох бэрхшээлтэй хүүхэд нь:
-          Математикийн тэмдгийг хольж солих, тоонуудыг буруу харах
Тооны ойлголт ухагдахуунуудыг (тоо хэмжээ, байрлал, үнэ цэнэ, цаг хугацаа) цээжлэхдээ хүндрэлтэй байх
-          Математикийн  томъёог цээжлэхэд төвөгтэй байх
-          Тоотой холбоотой зүйлд болон  тоог ангилахдаа сайн биш
o   Бичгийн бэрхшээлтэй хүүхэд нь:
-          Бичгээр хийх зүйлсээс зайлсхийх
-          Зөв үсэглэх чадвар нь муу
-          Дүрэм болон цэг таслалын алдаа их хийх
-          Муухай бичих эсвэл харандаагаа эвгүй барих
-          Бодол санаагаа бичгээр илэрхийлэхдээ бэрхшээлтэй байх.

Би хүүхэддээ яаж туслах вэ?

Сурах эмгэгийг “эмчлэх” боломжгүй боловч тухайн хүүхдэд тохирсон тусламжийг үзүүлбэл сурах эмгэгтэй хүүхдүүд амжилттай суралцаж чаддаг.
Сурах эмгэгтэй хүүхдүүд шаардлагатай тусламжаа авч чадахгүй бол уурлаж бухимдан, зан үйлийн болон сэтгэл хөдлөлийн олон асуудлуудтай болдог. Сурах эмгэгтэй хүүхдүүд өөртөө итгэх итгэл муу, сэтгэл санааны тавгүй байдалтай байх нь элбэг байдаг бөгөөд багш, эцэг эхчүүд хүүхдүүдийг өөрсдийгөө сайнаар бодох, сэтгэл хангалуун байлгах талаар анхаарч, туслах хэрэгтэй.
ü  Хүүхдийнхээ сул тал бус харин сайн тал дээр төвлөрч ажилла
ü  Хүүхдээ аливаа зүйлсийг сайн хийсэн үед нь магтаж урамшуулан өрийнхөө авъяасыг хөгжүүлэх боломж олго (Жишээлбэл: Бүжиглэх, дуулах, хөл бөмбөг тоглох).
ü  Хүүхэд чинь ямар аргаар юмыг хамгийн сайнаар сурдагыг хайж ол.(Жишээлбэл: харж,сонсож, хийж үзэж );таван мэдрэхүйг ашигла.
ü  Гэрийн даалгаврыг гол зүйл болго;хүүхэддээ туслаж, аль болох хүүхдэд сонирхолтой байлга. Та өөрөө тэвчээртэй байгаарай. Хүүхдээ магтах хэрэгтэй
ü  (Ижил)  Өгүүллэг, үлгэр уншиж, ярьж өгөх.
ü  Номон доторх зүйлс, зураг, болж буй үйл явдал зэргийг нэрлэх
ü  Тоо, хэл яриа оролцуулсан тоглоом тогло.
ü  Алв болох энгийн, хялбар зааварчилгаа өгч, даалгаврыг жижиг үе шатуудад хуваа.
ü  Хүүхдийн гэр болон сургууль дээрх ахицийн талаар сургуулийн хамт олон, хүүхдийн багштай ярилцаж бай. Хүүхэддээ сурахад нь туслахын тулд хамтран Ганцаарчилсан сургалтын Төлөвлөгөө хий.
ü  Гэр бүл болон хүүхдийнхээ төлөө бусдаас дэмжлэг, тусламж гуйхаас бүү эмээ
Хэрэв та хүүхэдтэйгээ хамт давтдаг бол, хүүхэд чинь үүнд дуртай байх хэрэгтэй.Хүүхэддээ тэвчээртэй, эерэг хандаарай.

Анхаарал Хомсдолын (Хэт хөдөлгөөн) Эмгэг(АХХХЭ ба АХЭ)


АХХХЭ ба АХЭ гэж юу вэ?
Анхаарал Хомсдолын (Хэт хөдөлгөөн)эмгэг (АХХХЭ ба АХЭ) нь мэдрэл, зан үйл, өсөлт хөгжилтэй холбоотой эмгэг юм.Мэдрэл, зан үйлийн гэдэг нь  мэдрэлийн систем ба зан үйл хоорондын холбоотой хамааралтай бөгөөд өсөлт хөгжлийн эмгэг гэдэг нь тухайн эмгэг нь ердийн хөгжилд саад учруулж, хөгжлийн чиглэлүүдэд сөргөөр нөлөөлдөг гэсэн үг юм. АХ(ХХ)Э нь анхаарал султай, хэт хөдөлгөөнтэй, түргэн зантай байх зэргээр тодорхойлогддог.
Үүнийг дотор нь анхаарал сул  байдал нь давамгайлсан хэлбэр, хэт хөдөлгөөнтэй- түргэн авиртай байх хэлбэр, холимог хэлбэр гэж хуввадаг. АХ(ХХ)Э-ийг оношлоход доорх зүйлүүд байх ёстой:
·         Шинж тэмдэгүүд нь 7 наснаас өмнө илэрч эхлэх ёстой  
·         Нас чацуу хүүхдүүдтэй харьцуулахад зан үйл нь илүү хурц байдаг.
·         Эмгэгтэй холбоотой зан үйл 6 сараас доошгүй хугацаанд үргэлжлэх ёстой
·         Тухайн зан үйлүүд нь хүүхдийн амьдралын хэв маягт ихээр нөлөөлөх(Жишээлбэл: бусадтай харилцаа, хичээл сургууль)
·         Үүнийг стресстэй андуурч болохгүй (Жишээлбэл:Гэр бүл салалт,өөр газар руу нүүх, өвчин эсвэл амьдралд тохиолдох бусад онцгой үйл явдлууд)

Шалтгаан нь юу вэ?
АХ(ХХ)Э-ийн шалтгаан нь тодорхойгүй боловч үүнд нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйлс бий. Эдгээр нь ген, төрөлтийн хүндрэлүүд, хоолны дэглэм, нийгмийн болон бодит орчны нөлөө юм.
Ген. Судалгаагаар энэ эмгэг удамших магадлал маш өндөр байдаг нь тогтоогдсон бөгөөд нийт тохиолдлуудын  75 % хувь нь генеес шалтгаалсан байдаг юм.
Төрөлтийн хүндрэл. Дутуу төрөх, төрөх үедээ бага жинтэй байх, тархиндаа гэмтэл авах нь бүгд АХ(ХХ)Э-д нөлөөлдөг. Мөн эх нь жирэмсэн үедээ, төрөх үед, хүүхэд бага насандаа халдвар авах нь АХ(ХХ)Э –тэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Эдгээр халдваруудын дотор олон төрлийн вирус (Жишээлбэл: улаан бурхан, тууралт) ба стрептококкийн бактерийн халдвар багтана.  
Хоолны дэглэм. 2007 онд хийгдсэн судалгаагаар орлуулагч будагч бодистой хүнсний бүтээгдэхүүн (Жишээлбэл: Чихрэнд байдаг) хэрэглэх ба  хэт хөдөлгөөн хоёрын хооронд холбоо байгааг илрүүлсэн байна.
Нийгмийн орчин. Зарим судалгаа бага насандаа зурагт хэт их  үзэх  нь ирээдүйд анхааралтай холбоотой бэрхшээлтэй болдогыг илрүүлжээ.
Бодит орчин. Эх нь жирэмсэн үедээ архитай ба  тамхины утаатай орчинд байх, хүүхэд бага насандаа хар тугалгатай орчинд байх зэрэг нь АХ(ХХ)Э –тэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна

Хэр их тохиолддог вэ?
АХХХЭ нь дэлхийн дээрх бүх хүүхдийн 3 - 5% хамардаг байна. Хавсарсан төрлийнх нь хамгийн түгээмэл байдаг. Сургуулийн насны хүүхдүүдийн 2 to 16% нь АХ(ХХ)Э -тэй гэж оношлогддог бөгөөд хөвгүүдэд охидуудаас 2-4 дахин их тохиолддог. Энэ нь хүүхдийн сэтгэл мэдрэлийн эмгэгүүдийн хамгийн их судлагдаж, оношдогддог нь юм. АХ(ХХ)Э –тэй хүүхдүүдийн 3-ны 2 нь өөр бусад эмгэгтэй байдаг. (АХ(ХХ)Э –тэй холбоотой эмгэгүүд ).
АХХХЭ –тэй хүүхдүүдийн бараг тэн хагас нь насанд хүрсэн үедээ ч гэсэн анхаарал ба түргэн зантай холбоотой ярвигтай шинж тэмдгүүдийг хадгалсан хэвээр байдаг. Гэвч насанд хүрэгчид хүүхдүүдийг бодвол өөрийн зан үйлээ хянаж, бэрхшээлүүдээ нуух чадвартай байдаг.

 Ямар шинж тэмдэгтэй вэ?
Анхаарал сул  байдал нь давамгайлсан хэлбэр (АХЭ):
·         Анхаарал нь маш амархан сарнидаг; тодорхой нэг даалгавар дээр төвлөрөхдөө бэрхшээлтэй
·         Заавар, зааварчилгаа дагахдаа муу
·         Өдөр тутмын үйл их мартамхай байх; эд зүйлээ их хаяж, гээдэг (Жишээлбэл: тоглоом, харандаа, гэрийн даалгавар)
·         Зохион байгуулалт  сайн биш
·         Ярилцаж байхад чагнахгүй байгаа юм шиг харагдах
·         Нэг хийх зүйлээс нөгөө рүү шилжиж, солих нь их
·         Жижиг зүйлд анхаарлаа хандуулж чаддаггүй
·         Хичээл болон бусад зүйлд хэнэггүй алдаа хийх нь бий
·         Бусадтай харьцуулахад мэдээллийг хурдан, зөв хүлээж авч чаддаггүй
·         Таалагдсан зүйлээ хийгээгүй л бол хэдхэн минутын дотор залхдаг
Хэт хөдөлгөөнтэй- түргэн авиртай байх хэлбэр (АХХХЭ):
·         Хоол идэж байхдаа, ангидаа, ном зохиол яриулж байх үедээ томоотой сууж чаддаггүй.
·         Байнга хөдөлж; юм хийж харагддаг
·         Их гүйж, харайж, юманд авирдаг
·         Суудал дээрээ хөдлөх, далбилзах
·         Дуу чимээ гаргахгүй хийдэг даалгавар, үйл ажиллагааг хийхдээ муу  
·         Их ярьдаг
·         Түргэн зантай; үр дүнг нь тунгаахгүйгээр бодлогогүй үйлдэл хийдэг
·         Асуулт тавьж дуусаагүй байхад дэмий хариулж эхэлдэг
·         Тэвчээргүй; ээлжээ хүлээж, дараалалд зогсож чаддаггүй
·         Хүмүүстийн яриа, хийж буй зүйлийг тасалдуулдаг, гэнэт дундуур нь ордог
·         Өөрийнх нь замд байгаа бүх юмыг эргэж тойрч, хүрч, тоглодог.

Хавсарсан төрөл (АХХХЭ) нь бусад 2 төрөл нэг дор байхыг хэлэх бөгөөд  хамгийн түгээмэл тохиолддог нь юм.
АХ(ХХ)Э –тэй хүүхдүүдийн 3-ны 2 нь зэрэгцэн орших өөр бусад эмгэгтэй байдаг.Үүнээс хамгийн нийтлэг нь сүйтгэгч зан үйлийн эмгэг, зан аашийн эмгэг, сэтгэл зовнилын эмгэг ба сурах үйлийн эмгэг юм.Эдгээр нь бүгд тус тусдаа оношлогдох шаардлагатай.

Би хүүхэддээ яаж туслах вэ?
АХ(ХХ)Э эмчлэгддэггүй боловч, зөв аргаар зохицуулж, хянаж болно.Эмчилгээний зорилго нь хүүхдэд өөрийн зан үйлийг хянаж сурахыг заах ба ар гэрийнхэн нь хүүхдэд сурахад нь тохиромжтой нөхцөл бүрдүүлэхэд нь туслах юм. Зөв эмчлэгдээгүй тохиолдолд, АХХХЭ нь: мансууруулах бодис ба архинд донтох, сурлага нь муудах, хууль дүрэм зорчих гэх зэрэгт хүргэж болзошгүй. Эмчилгээ нь эм тариа мөн зан үйлийг засан сайжруулах байж болно. Эцэг эхийн хувьд та хүүхэддээ доорх байдлаар туслаж болно:
Эцэг эхийн боловсрол. АХ(ХХ)Э ба түүнтэй холбоотой зан үйлийн талаар ойлголттой болох.
Тогтсон дэглэмтэй болох. Өглөө сэрэхээс орой унтаж амрах хүртэл өдөр бүрийн хөтөлбөрийг адилхан байлгах. Өдрийн хөтөлбөрөө ил газар тавих хэрэгтэй, ингэснээр хүүхэд тэр өдөр юу хийхээ мэддэг болно.Жишээлбэл: Хэдийд гэрийн даалгавраа хийх ёстой гм.
Замбараатай байх. Хүүхдийнхээ цүнх, хувцас, тоглоом зэргийг өдөр бүр ижил газар тавибал хүүхэд хаяж гээх нь багасна.
Садаа болох зүйлээс хол байлгах. Зурагт, радио, компьютерийг унтраах ялангуяа хүүхэд хичээл хийж байх үед.
Цөөхөн сонголт өгөх . Хүүхэд хэтэрхий гайхшрах, хэт автуулахгүйн тулд зөвхөн 2 сонголт л өгөх хэрэгтэй.  (энэ хувцас,хоол,тоглоом эсвэл тэр зүйл гм)
Ойлмжтой харилцаа. Урт өгүүлбэр, тайлбарын оронд товчхон, ойлгомжтой заавар, зааварчилгаа ашиглаарай.
Зорилго, шагнал урамшуулал ашиглах. Зорилгыг нь жагсаан бичих, эерэг зан үйл хийсэн тохиолдолд тэмдэглэж хүүхдийн хүчин чармайлтыг шагнаж, урамшуулах. Зорилго нь бодит, хүрч болохуйц байх ёстойг анхаараарай; мөн олон жижиг үе шатуудад хуваах хэрэгтэй. Сайн зан үйлийг нь магтаж, урамшуулаарай
Үр дүнтэй сахилга бат. Хүүхэд ойлгомжтой, тууштай дүрэм журамтай байх ёстой. Хүүхдийг загнах, алгадахынхаа оронд зохисгүй зан үйлийн шийтгэл болгож түр завсарлах эсвэл дуртай зүйлийг нь хурааж авах зэрэг аргыг хэрэглэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд зан үйлээ застал нь тэдний анхаарлыг өөр зүйлд хандуулах эсвэл тоохгүй байх нь үр дүнтэй байдаг.
Хүүхэддээ авъасаа нээхэд нь туслах. Хүүхэд бүр өөрийн тухай сайн дүрслэлтэй болохын тулд амжилтыг мэдрэх хэрэгтэй байдаг. Хүүхдийнхээ сайн хийж чаддаг зүйлийг олох нь (Энэ нь спорт, урлаг, дуу хөгжим ч байж болно) өөртөө итгэх итгэл ба нийгэмшихүйн ур чадварыг маш их нэмэгдүүлдэг.
Багштай нь холбоо, харилцаатай байх. Хүүхдийн гэр болон сургууль дээрх зан үйлийн талаар мэдээлэл солилцох, нэгдмэл зорилгод хүрэхийн төлөө ажиллах мөн хүүхдэд ямар арга хамгийн их үр дүнтэй байдаг талаар санаа бодлоо хуваалцахын тулд  багш, сургуультай нь байнгын харилцаатай байх.
Эрүүл амьдралын хэв маяг. Хүүхэд сайн унтаж амарч байх хэрэгтэй. Эслэг ихтэй, үндсэн шим тэжээлээс бүрдсэн олон төрлийн, эрүүл хоолны дэглэмтэй байх ёстой.  Мөн хүүхэд дасгал хөдөлгөөн сайн хийх нь зүйтэй.
Хөгжлийн Бэрхшээлтэй  Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдийн холбоо