Wednesday, May 30, 2012

Тархины саажилттай хүүхдүүдэд байнгын дасгал хийх нь хамгийн үр дүнтэй

Эрүүл, саруул байна гэдэг энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Гэтэл үр хүүхдийнхээ өвчин, зовлонд шаналж байгааг харж сууна гэдэг хэцүү. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүд цөөнгүй. Харамсалтай нь  Монгол Улсын хэмжээнд хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын тасаг ганцхан байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байдаг энэ тасаг нь хүүхдийн мэдрэл, сэтгэцийн хөгжлийг хянах, мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдийг эрт илрүүлж эмчлэх, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг байна.  Энэ тасгаар жилдээ 1400 орчим хүүхэд үйлчлүүлдэг аж. Харин эдгээр хүүхдүүдэд туслахаар Японы сайн санаат эмч нар тус тасгийг зорьж ирээд байгаатай нь таарч, тэдэнтэй уулзсан юм. Японы “Нинжин” хэмээх төрийн бус байгууллага зохион байгуулан эдгээр эмч нарыг урьж ирүүлээд байгаа аж.
 
Хамгийн түрүүнд бид тус тасгийн эрхлэгч О.Энхчимэгтэй уулзсан юм.
  
-Юуны түрүүнд тасгийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
 
-Манай хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын тасаг Монголын Улсын хэмжээнд үйл ажиллагаа үзүүлдэг цорын ганц тасаг. Хот хөдөөгийн мэдрэлийн эмгэгтэй бүх хүүхдүүд манай тасгаар үйлчлүүлдэг. Мэдрэлийн эмгэг гэхээр маш олон төрлийн өвчин байдаг. Тархины саатжилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна унаж татдаг, тархинд нь цус харвасан, менингеттэй, гар хөл нь саажсан, захын мэдрэлийн үрэвсэлт өвчтэй гээд 20 гаруй төрлийн өвчин хамаардаг.
  
-Танай тасагт Японоос эмч нар ирээд ажиллаж, үзлэг оношилгоо хийж байгаа юм байна. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ирэв?
 
-Япон улсаас согог заслын  мэс засалч, тулгуур эрхтний гажиг заслын болон хөдөлгөөн заслын эмч нар гээд  долоон хүний бүрэлдэхүүнтэй баг гурван хоногийн турш ажиллаж байна. Япон эмч нар маань үдээс өмнө хүүхдүүдийг үзээд, үдээс хойш манай эмч нарт сургалт явууж туршлага солилцож байгаа юм. Эмч нар маань хүүхдээ үзэж, оношлоод, зөвөлгөө өгөөд,  энэ хүүхдэд ийм эмчилгээ хийгээд үзвэл ямар вэ гээд саналаа бидэнд хэлэх зэргээр ажиллаж байна.
 
Японы “Нинжин”ТББ -ын тэргүүн Маки Сан
 
-Төрийн бус байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?
 
- Манай “Нинжин” ТББ нь монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалж, тэдэнтэй хамтын ажиллагаатай  байж ирсэн. Зөвхөн монголчуудад зориулан үйл ажиллагаа явуулж байгаа. Анх удаагаа энэ эмнэлэг дээр ирж энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байна.  Танай улсын хэмжээнд мэдрэлийн согогтой хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг ганцхан л тасаг байна. Энэ тасагт тун цөөхөн эмч ажиллаж байгаа ч эмч нар маань үнэхээр хичээж, чин сэтгэлээсээ ажиллаж байгааг бид мэдэрлээ, аль ч улсын эмч нараас дутахгүй юм байна лээ.
 
Гэтэл монголчууд,  монгол эмч нарынхаа гаргасан онош, хариунд итгэдэггүй тал байна. Гадаадаас ирсэн эмч нарын хариу, онош л 100 хувь зөв байдаг гэж бодоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Тиймээс эмч нарынхаа зааж өгсөн дасгалыг сайн хийж байх хэрэгтэй.
 
Харин хүүхдүүдийн энэ байдал, эмчилж байгаа арга барил японы 40 жилийн өмнөх шиг байна гэж эмч наар маань нь хэлж байсан. Гэхдээ энэ нь 1998 онд ирэхэд ийм байсан. Тэрнээс хойш мэдээж өөрчлөлт гарсан байх. Мэдээж сайн тал руугаа.
  
-Тархины саажилт, мэдрэлийн согогийг 100 хувь эмчилж эдгээхэд хэцүү гэдэг. Японд энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийг хэрхэн эмчилдэг вэ?
 
Японд ч мөн адил тархины согогтой хүн 100 хувь эдгэрнэ гэж найдахад хэцүү байдаг. Тиймээс хүлээн зөвшөөрөөд,  уг өвчнийг улам сэдрээхгүй байхын тулд ажилладаг. Өөрөөр хэлбэл тухайн өвчнийг хүндрэхээс нь өмнө зогсоох арга хэмжээ авдаг. Хамгийн гол нь хүүхдүүдээр байнгын дасгал хийлгэдэг. Гэтэл монголд тийм боломж бололцоо муу, улсын хэмжээнд л гэхэд хоёрхон цэцэрлэгтэй л байна.Тиймээс тусгайлан сэргээн засах эмнэлэг, цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Бид ч гэсэн Сэргээн засах төвийг бий болгох талаараа ЭХЭМҮТ-ийн  удирдлагуудтай ярилцсан байгаа.
  
Энэ үеэр Япон улсаас ирсэн эмч нар монгол хүүхдүүдийн тархины саажилт, өвчлөлийн шалтгаан, онош тогтоох арга, эмчилгээний арга барилын талаар асууж тодрууллаа.
  
-Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
 
-Намайг Накашима Масаносүке гэдэг. Мэдрэлийн мэс заслын согог зүйч эмч. 40 жил энэ салбарт ажиллаж байна. Энэ удаад монголын хүүхдүүдэд эрт оношилгоо хэрэгтэй юм болов уу гэж бодсоны үндсэн  дээр хөгжлийн бэрхшээлтэй болон бусад бүлгийн тархины хүнд гэмтэлтэй хүүхдүүдэд эмчилгээ оношилгооны зөвлөгөө өгөхөөр ирсэн.
  
-Мэдрэлийн өвчнөөр өвчиллөж байгаа хүүхдүүдийг цөөрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал дээр вэ, таны бодлоор?
 
-Монголын эмчилгээний арга барил өөрчлөгдөх юм бол энэ төрлийн өвчнөөр өвчилөх хүүхдүүдийн тоо цөөрнө. Тархины саажилттай хүүхдийг Улсын  хэмжээнд нийгмийн, боловсролын, эмчилгээний төвшинд анхаарч өгөх юм бол нийгэмд эзлэх байр суурь нь нэмэгдэнэ. Танай улс хувь хүн бүрийг хүндэлсэн нийгэм болж хөгжөөсэй гэж бодож байна. Хувь хүн,  эцэг эх, эмч нар хичээж байна. Зөвхөн эмч нарын дан ганц зүтгэлээр энэ салбар хөгжихгүй. Тийм учраас тогтолцоогоогоо сайжруулах хэрэгтэй. Бүх үйлчилгээг үзүүлдэг, тусгай төвтэй болох нь чухал. Нийт 20 гаруй хүүхдийг үзлээ. Дахин ирж хүүхдүүдэд туслахад бэлэн байгаа.
  
-Тархины саажилт бүрэн эдгэрдэггүй гэх юм?
 
- Хүүхэд нэг бүрийг хараад энэ хүүхэд хөл дээрээ босох уу, босохгүй юу гэдгийг мэднэ. Алхаж чадах хүүхдүүд нь цэвэр дасгал хөдөлгөөн, сунгалтын дасгал, гэхдээ насан туршид босохгүй хэвтэрийн байдалд байх хүүхдүүд бас олон байна.
  
-Сүүлийн үед тархины саажилттай хүүхэд ихээр төрж байгаагийн  шалтгаан нь юу вэ?
 
-Маш олон шалтгаантай. Тухайлбал, хүүхэд  бага жинтэй төрөх. Төрөх үеийн хүчилтөрөгчийн дутмагшил, дээр үед шарлалтаас үүдсэн тархины саажилт их байна. Мэдээж эхийн эрүүл мэндийн байдал нөлөөлж байна. 40 жилийн өмнө Японд эмч нарт итгэхгүй хандлага их байсан. Тархины саажилттай хүүхэд төрөхад эмч нар руу буруугаа чихдэг байсан. Эмч нарт ч ажиллахад хүнд байсан үе бий. Гэхдээ бид давж гарсан. Удахгүй танай улсын иргэд ч эмч нартаа бүрэн итгэдэг болох цаг ирнэ.


Дашрамд дурдахад энэхүү хүмүүнлэгийн ажилд УИХ-ын гишүүн С.Оюун ихээхэн тус дэмжлэг үзүүлсэн ажээ.
 
Д.Цэцэг
Н.Ариунаа


Жич : Уг мэдээллийг Тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан мэдээлэл хуудаснаас оруулсан болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://saajilt.blog.com руу орж сонирхоно уу. 

No comments:

Post a Comment